Санхүүгийн тогтвортой байдал гэж юу вэ?

photo_2022-03-10_14-12-52220233862.jpg
Мэдээлэл
  • 3/16/2022
Санхүүгийн тогтвортой байдал гэдэг нь үнэ тогтоох, нөөц хуваарилах, санхүүгийн эрсдэлийг удирдах зэрэг эдийн засгийн тогтолцоонууд нь эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн байхаас гадна зах зээлийн гэнэтийн таагүй нөлөөлөл, хямралын үед мөн адил ажиллах чадвартай байхыг хэлэх бөгөөд ерөнхийдөө тухайн улсын санхүүгийн системийн найдвартай байдлыг санхүүгийн тогтвортой байдал гэж ойлгож болно.
Санхүүгийн тогтвортой байдлыг тухайн улсын эдийн засгийг бүх талаас нь цогц байдлаар авч үзэн шинжилж, хэрэв эдийн засагт тогтвортой бус нөхцөл байдал үүсвэл хэрхэх вэ гэдгийг авч үзсэний үндсэн дээр тодорхойлох боломжтой бөгөөд ингэхдээ тухайн санхүүгийн системийн төлбөрийн чадвар буюу эдийн засгийн нөөц бололцоо, үр ашиг, түүний хуваарилалт, эрсдэлийн удирдлага, эдийн засаг дахь гэнэтийн таагүй гадаад нөлөөлөл болон хямралын үед тухайн санхүүгийн системийн ажиллах чадвар зэргийг чухалчлан авч үздэг юм.
Иймээс үр ашигтай, тогтвортой санхүүгийн систем нь бодит үйлдвэрлэлийн өсөлт болон эдийн засгийн нөөцийн үр дүнтэй хуваарилалтыг дэмжиж, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэн зөв, ил тод болгон, хуримтлал, хөрөнгө оруулалт бий болгох замаар баялагийг бүтээх, хөгжлийг бий болгох, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нөхцлийг бүрдүүлэх, мөнгө, санхүүгийн захын зээлийн тогтвортой байдлыг хангах зэрэгт чиглэгдсэн байдаг бөгөөд мөн урьдчилан тооцоолоогүй санхүү, эдийн засгийн хямрал болон тогтвортой бус байдал үүсэхэд энэхүү таагүй нөхцөл байдлыг сарниулж, эдийн засаг дахь сөрөг нөлөөллийг даван туулах чадвартай байдаг.