МӨНГӨН ГУЙВУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭ ДЭЛХИЙ ДАХИНД

162043933_4382296038466302_5410753396463919698_o215725340.jpg
Мэдээлэл
  • 3/24/2021

Өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж буй иргэдийн эх нутаг руугаа шилжүүлсэн мөнгө тухайн улсын гадаад валютын хэмжээг нэмэгдүүлэхэд багагүй хувь нэмэр үзүүлдэг билээ. Ялангуяа манай улстай адил хөгжиж буй орнуудын хувьд гадаад улсаас орж ирэх мөнгөн гуйвуулгын эдийн засагт гүйцэтгэх үүрэг харьцангуй өндөр. 2019 оны байдлаар, дэлхий даяар 706 тэрбум доллартой тэнцэхүйц хэмжээний мөнгөн гуйвуулга хийгдсэнээс 78 хувь буюу 550 тэрбум нь ядуу буурай болон хөгжиж буй орны иргэдийн данс руу орсон байна.

Тус онд Тонга, Гаити, Непал зэрэг улсын ДНБ-ий бараг 1/3-ийг цагаач иргэдийнх нь мөнгөн гуйвуулга бүрдүүлсэн бол Монгол Улс ДНБ-ийнхээ 4.1 хувь, нийт татварын орлогын 16.6 хувьтай тэнцэхүйц валютыг гаднын улсад амьдарч буй иргэдээсээ хүлээн авсан гэх. Энэ үзүүлэлтээрээ бид хамгийн их валют хүлээн авдаг улс орны жагсаалтад 50-р байрт бичигджээ.

Дэлхийн өнцөг булан бүрээс гадаад иргэдийн эх нутаг руугаа илгээж буй мөнгөн дүнгийн хэмжээ нь ч, төлж буй шимтгэл нь ч жил ирэх тусам өндөрсөж буй. 2009 онд зохиогдсон Их Наймын уулзалтын хүрээнд эдгээр улс таван жилийн хугацаанд олон улсын мөнгөн гуйвуулгын 10 хувийн шимтгэлийг таван хувь хүртэл бууруулах зорилт дэвшүүлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийг "5х5”хэмээн нэрлэжээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр тус салбарт мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч, гуйвуулгын шимтгэл жил ирэх тусам буурсаар буй нь сайшаалтай. Дэлхийн Банкны хийсэн судалгаагаар, гадаадад ажиллаж буй иргэд энэ хугацаанд 60 гаруй тэрбум долларыг зөвхөн шимтгэлийн зөрүүнээс хэмнэж чадсан байна.

2020 оны IV улирлын байдлаар, дэлхий даяарх шимтгэлийн дундаж хэмжээ 6.51 хувь байгаа бөгөөд уламжлалт банкны үйлчилгээ 10.73 хувь буюу хамгийн өндөр шимтгэлтэй юм. Тус салбарт финтек бизнесүүд хүч түрэн орж ирснээр шимтгэлийн хэмжээг багасгаж буй ч өнгөрсөн жилийн байдлаар нийт гуйвуулгын ердөө нэг хүрэхгүй хувь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч мобайл аппаар дамжжээ.

1. БАНК

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх банкууд олон улсын SWIFT (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) код буюу дэлхийн банк хоорондын санхүүгийн теле харилцааны нийгэмлэгээс гаргасан кодыг ашиглан мөнгөн гуйвуулга хийдэг. Өөрөөр хэлбэл гадаад гүйлгээ хийдэг банк бүр энэ байгууллагад гишүүнээр элсэж SWIFT гэдэг код авдаг гэсэн үг. Монголын банкуудын SWIFT кодыг эндээс харах боломжтой.

Банкаар мөнгөн гуйвуулга хийх үед шилжүүлэгч нь тухайн банкны үндсэн шимтгэл, эхний дамжуулагч банкны шимтгэлийг баталгаажуулах OUR болон бүх дамжуулагч банкны шимтгэлийг баталгаажуулах G-OUR шимтгэлүүдийг төлдөг бөгөөд мөнгөн дүнгийн хэмжээнээс хамаарч дор хаяж 1-2 хоног хүлээх шаардлагатай тулгардаг.

2. УЛС ХООРОНДЫН ШУУРХАЙ ГУЙВУУЛГА

Money transfer operators (MTO) буюу улс хоорондын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгч компаниуд нь банкнаас илүү хурдан бөгөөд хүртээмжтэй байдгаараа онцлог. Сонирхуулахад, дэлхийн топ гурван мөнгөн гуйвуулгын компанийн агентийн тоо 1.1 сая байдаг бөгөөд энэ нь МакДоналдсын нийт салбарын тооноос 27 дахин олон гэсэн үг.

Банктай харьцуулахад дэлхийн аль ч өнцөг булан дахь агентаас үйлчилгээ авах, 10-20 минутын дотор төлбөр шилжүүлэх болон хүлээн авах боломжтой, банканд ямар нэгэн данс эзэмших шаардлагагүй гэдгээрээ шуурхай гуйвуулга нь давуу талтай. Монгол Улсын тухайд олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын 61 хувийг MoneyGram үйлчилгээ дангаараа гүйцэтгэдэг аж.

3. ШУУДАН

Дэлхийн шуудан холбооны 198 гаруй гишүүн байгууллага байдаг бөгөөд эдгээрийн 90 гаруй хувь нь санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг. Мөнгө шилжүүлэгч өөрт хамгийн ойр шуудангийн салбарт очин шилжүүлэг хийж хүлээн авагч нь өөрийн улсынхаа шуудангаас тухайн шилжүүлгийг хүлээн авах энгийн зарчимтай.

4. ФИНТЕК АПП

Цар тахлаас улбаалан дэлхий даяар технологийн хэрэглээ санаанд оромгүй өргөжиж, бүхий л салбарт дижитал шилжилт зайлшгүй үзэгдэл болон хувирч буй. "The Economist" сэтгүүлийн асуулгад оролцсон мэргэжилтнүүдийн үзсэнээр, КОВИД-19-ийн нөлөөгөөр банкны салбарт бэлэн бус гүйлгээ органик өсөлтөөр 2-5 жилийн дараа хүрэх байсан түвшиндээ хүрчээ. Видео хурал хийх, цахимаар дэлгүүр хэсэх, зайнаас ажиллах гээд технологи бидний өдөр тутмын салшгүй нэгэн хэсэг болж буй энэ цаг үед мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ч финтек апп ашиглан хормын дотор, хүссэн газраасаа хийх бүрэн боломжтой болсон.